МАНАЙ ОРНЫ САВ БАГЛАА БООДЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЛААР

Монголчууд “Саалиа бэлдэхээр саваа бэлтгэ” гэж ярилцдаг нь уламжлалтай. Салбарын түүхээс үзвэл манай улсад 1958 онд Налайхын шилэн лонхны үйлдвэр, 1970 онд, хүнсний нимгэн картонон хайрцаг, цаасан уутны үйлдвэр, 1972 онд нийлэг уутны үйлдвэр тус тус байгуулагдаж, дотоодын сав баглаа боодлын хэрэгцээг хангаж байсан түүхтэй. Манай орны “Сав баглаа боодлын нэгдэл” нь 1990-1996 онд банз, фанер, эслэг хавтангаар хайрцаг, хаягдал цаасаар боодлын бор цаас үйлдвэрлэж дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлж байсан.

Монгол улсад жилдээ 520 тэрбум төгрөгийн сав баглаа боодлын хэрэгцээ шаардлагатай гэсэн судалгаа тооцоо байдаг. Гэвч сав баглаа боодлын хэрэгцээний 65 хувийг импортоор, 35 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Иймд манай улсын сав баглаа боодлыг хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, сав баглаа боодлыг салбарыг тогтвортой хөгжүүлэх нөхцөл шаардлагатай байна.Сав баглаа боодол нь бүтээгдэхүүнийг гадаад орчноос хамгаалах уламжлалт шинж чанараас илүүтэй бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэх, нэмүү өртөг бий болгох, зардлыг бууруулах, бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэх, нэмүү өртөг бий болгох, зардлыг бууруулах, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг уртасгах зэрэг шинэ чиг хандлагаар хөгжиж байна.

Монгол Улсын хэмжээнд сав баглаа боодлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 50 орчим ААН, үйлдвэрт  1200 гаруй иргэд ажиллаж байна. Албан бус мэдээгээр жилдээ 150 орчим тэрбум төгрөгийн үйлдвэрлэл борлуулалт хийдэг гэсэн судалгаа байгаа ч, борлуулалтын хувьд захиалгаар үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн 70-80% -ийг эзэлж байна. Хүнсний зориулалттай сав баглааны үйлдвэрлэл нь  хүнсний аюулгүй байдал болон хүний эрүүл мэндэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг учир онцгой нөхцөл, чанар стандарт, шаардлага тавигддагаараа онцлог билээ.

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.  Энэ хөтөлбөрийн хүрээнд сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн салбарт эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn