НҮҮРСТӨРӨГЧИЙН УЛ МӨР

НҮҮРСТӨРӨГЧИЙН УЛ МӨР
Хүн амьдрах хугацаандаа байгаль дэлхийд хэр ачаалал үүсгэж, хэрэглээ талаасаа ямар ул мөр үлдээж байгааг тооцох нь сонирхолтой бөгөөд чухал ач холбогдолтой юм. Нүүрстөрөгчийн ул мөр (carbon footprint) хэмээх ойлголт сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд өргөн хэрэглэгдэх болж, хэрэглээнд нэвтэрч эхлээд байна.
Нүүрстөрөгчийн ул мөр гэдэг нь аливаа байгууллага, үйл ажиллагааны дүнд шууд ба шууд бус байдлаар ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хий (хүлэмжийн хий)-н хэмжээг тонн-оор илэрхийлсэн ойлголт юм. Энэ нь байгаль экологид ямар мөр үлдээж, хэр ээлтэй үйлдвэрлэл явуулж байгааг хэмжих нэг үзүүлэлт юм. Ялгаруулж буй нүүрстөрөгчийн хэмжээг хувь хүн, гэр бүлийн түвшинд тооцоолон гаргаж, зөвлөмж өгдөг цахим хэрэгслүүд цөөнгүй зохион бүтээгдсэн байна. Энэхүү тооцоолол нь байгаль экологид хэр ээлтэй байгааг тодорхойлох, зөвлөмж өгөхөд суурь болгон хэрэглэдэг байна.
Дараах линкээр зарим тооцооллын системд нэвтэрч болно.
Нүүрстөрөгчийн ул мөр нь экологийн ул мөр хэмээх ойлголтын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Хувь хүн, гэр бүлийн нүүрстөрөгчийн ул мөрийг тооцоолохдоо орон байр, хоол хүнс, тээврийн хэрэгсэл, амралт чөлөөт цаг гэсэн үзүүлэлтээр гаргаж нэгтгэдэг байна.
Тухайлбал манай орны жишээгээр, дундаж хэмжээтэй орон сууцанд амьдардаг, 4 ам бүлтэй, 1 машинтай, өдөр бүр махан хоол хэрэглэдэг гэр бүлийн 1 гишүүний жилийн хугацаанд ялгаруулж буй нүүрстөрөгч 4.6 тонн СО2 байна. Энэ нь дэлхийн дундаж (4.9 тонн СО2)-аас бага зэрэг доогуур, Америк улсын дундаж (16 тонн СО2) аас 3.3 дахин бага, дэлхийн зорилтот хэмжээ (2 тонн СО2)-ээс 2 дахин өндөр байна. Энэ хэмжээний нүүрсхүчлийн хийг 367 мод жилийн турш өөртөө шингээдэг байна.
Нүүрстөрөгчийн ул мөрийг эдийн засгийн салбараар авч үзвэл хөдөө аж ахуй нь хүлэмжийн хий ялгаруулагч гол эх үүсвэрүүдийн нэгд тооцогддог. Хүн амыг хүнсээр хангах зорилгоо биелүүлэхийн тулд энэхүү нөхцөл байдлыг үйл ажиллагаандаа харгалзаж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэхийг эрмэлзэх шаардлагатай юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn