БЭЛЧЭЭР-НОГООН АЛТ

Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумдад бэлчээр хамгаалах, зохистой ашиглах таатай орчин бүрдүүлсэн туршлага

ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв “Газар тариалан, мал аж ахуйн хосолсон бүсэд Бэлчээр ашиглагчдын хэсэг, Бэлчээр ашиглах гэрээний туршлагыг нэвтрүүлэх, таниулах” төслийг 2018 оноос Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумдад хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бэлчээр, мал, малчин гурвыг мал аж ахуйн үйлдвэрлэлийн тулгын гурван чулуу хэмээн тодорхойлж болно. Малчдын мал маллагааны суурь болсон бэлчээрийн 58% нь байгалийн унаган төлөв байдлаасаа тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Үүний 10 гаруй хувь нь хүчтэй доройтож, цөлжих аюул нүүрлээд байгаа бөгөөд нэг талаас уурь амьсгалын өөрчлөлт нөгөө талаас бэлчээрийн даац хэтрэлтээс шалтгаалж байна. Бэлчээрийн доройтлын улмаас:

o Малын ашиг шим буурах, мал давжаарах
o Аж ахуй эрхлэх үр ашиг буурах
o Ган, зудад өртөмтгий болох
o Газар нутаг эзгүйрэх, хотод хэт төвлөрөл бий болох
o Нүүдэлчдийн соёл, ахуй мартагдах
o Малчдын ашиг, орлого буурах зэрэг олон сөрөг нөлөөлөл бий болсоор байна.

Газар тариала, мал аж ахуй хосолсон сумдад бэлчээрийг зохистой ашиглах, малчид, тариаланчдын хоорондын зөрчил маргааныг бууруулах, малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх, сүргийн зохистой харьцаа бий болгох, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд малчдын хамтын хичээл зүтгэлээс гадна зохицуулалт хийх эрхзүй, бодлогын таатай орчин зайлшгүй шаардлагатай байна.

Дээрх байдал нь зөвхөн энэ хоёр сумынх бус тариалангийн бүс нутгийн өнөөгийн нийтлэг дүр төрх юм. Малын тооны өсөлтөөс гадна мал сүргийн зохистой бүтэц алдагдсан. Энэ бүс нутагт малын тоо толгойг чухалчлах бус бэлчээрийн даацад тохирсон эрчимжсэн өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн цөөн тооны мал үржүүлэх шаардлагатай.
ХААҮШУОНТ нь ШХА-тай хийсэн гэрээний үндсэн дээр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Төв аймгийн болон Борнуур, Сүмбэр сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, эдгээр сумдын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүдтэй хамтран малчдын Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/-ийн зохион байгуулалтанд орох, сумын Засаг даргатай Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах, гэрээний хүрээнд бэлчээр, мал сүргийн зохистой менежмент хэрэгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, сүүний чанар-аюулгүй байдлыг мөшгөх туршилтын төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр Борнуур суманд 300 гаруй малчдыг нэгтгэсэн 12 БАХ, Сүмбэр суманд 100 гаруй малчин өрх бүхий 8 БАХ тус тус байгуулагдан ажиллаж байна. БАХ-үүд нэгдэн Сумын бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/ байгуулан ажиллаж байна.
Бэлчээрийн төлөв байдлын хувьд 2019 онд хийсэн фотомониторингийн судалгаагаар даац Борнуур суманд 2 дахин, Сүмбэр суманд 2.7 дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан.

Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ):

Тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд малчид санал санаачлага гаргаж, биечлэн оролцох нь хамгийн чухал алхам юм. Надад байгаа асуудлыг миний оролцоогүйгээр шийдвэрлэнэ гэдэг нь байж боломгүй хэрэг. Малчин таны нүдэн дээр бэлчээр нутаг доройтож, амьдрал ахуй, ашиг орлогод тань нөлөөлж, энэ хэвээр явбал цаашид нөхцөл байдал улам дордох нь гарцаагүй болж байна. Бэлчээр нутгаа зүй зохистой ашиглах, хамгаалахад байгалийн хүчин зүйлээс илүүтэй малчид, иргэдийн оролцоо, хамтын зохион байгуулалт, хичээл зүтгэл нэн тэргүүнд шаардлагатай.
Бэлчээр нутгаа зохистой ашиглаж, хамгаалахын тулд нэгдсэн зохион байгуулалтанд орж, хамтран ажиллаж буй нэг нутаг усны малчин өрхүүдийн нэгдлийг Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/ гэх бөгөөд энэ нь малчдын байгууллагын анхан шатны нэгж юм. Бэлчээр ашиглагчдын хэсгүүд нэгдэн сум, аймаг, үндэсний түвшинд холбоо байгуулан үр бүтээлтэй ажиллаж байна.
Энэхүү хамтын зохион байгуулалт нь бэлчээрийн төдийгүй зах зээлийн харилцаанд оролцох, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, харилцан туслах зэрэг олон талбарт хамтран ажиллах суурь болох юм.
o Тэжээл тариалах, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг томоохон ажлыг хамтран хэрэгжүүлэх
o Малын гаралтай түүхий эдээ хамтран борлуулах
o Дундын сан үүсгэснээр санхүүгийн хэрэгцээгээ хангах
o Өөрсдийн дуу хоолойг хүргэх гэх мэт.

Тархай суурьшил нь малчдыг хамтын зохион байгуулалтанд ороход саад болж байгаа хэдий ч хамтран ажиллаагүйгээс хор хохирлыг нь амссаар байна.

o Бэлчээрийн доройтлын эсрэг алхам хийх чадамжгүй
o Малын гаралтай түүхий эд үнэгүйдэх, түүхий эдээ стандартын дагуу бэлтгэж чадахгүй байх
o Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өртөг шингээх боловсруулалт хийж чадахгүй байх гэх мэт.

Бэлчээр ашиглалтын гэрээ: БАХ-ын зохион байгуулалтанд орсон малчид бэлчээрийг зүй зохистой ашиглах гэрээг сумын Засаг даргатай байгуулдаг туршлагыг төсөл хэрэгжиж буй сумдад нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумдад нийт 20 БАХ 70.000 га бэлчээрийг ашиглах, хамгаалах гэрээг сумын засаг даргатай байгуулан ажиллаж байна.
Бэлчээр ашиглалтын гэрээнд ургамлын бүрхэвч, ургац, боломжит даац, БАХ-ийн малын тоо, даацаас хэтэрсэн малын тооны үзүүлэлтийг гэрээ байгуулах үеийнхээр суурь болгон хавсаргаж өгсөн ба жил бүр энэхүү үзүүлэлтүүдийн дүнгээр гэрээний хэрэгжилтийг дүгнэхээр заажээ.

Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам нь сумын түвшинд хүчин төгөлдөр мөрдөгдөх эрхзүйн баримт бичиг юм.
Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам нь бэлчээрийг нөөц, даацад нь тохируулан зохистой ашиглаж, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээр ашиглалтыг экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах сумын нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
Журмаар сумын түвшинд бэлчээр ашиглалтыг төлөвлөх, хуваарь гаргах, бэлчээрийн төлөв байдлыг хянах, даац тогтоох, ашиглагчдын эрх үүрэг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хариуцах үйл ажиллагааг тусгасан. Журам хэрэгжсэнээр маргаан үүссэн, хохирлол учруулсан тохиолдолд хариуцлага тооцож шийдвэрлэх механизм бүрдсэн бөгөөд журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг сумын төсөлт жил бүр тусгах, мөн хэсэгчилсэн байдлаар бэлчээр ашиглагч хариуцахаар заажээ.
Журмын дагуу сумын бэлчээр ашиглалтыг жил бүр төлөвлөх ба экологийн чадавхид сууриулах, бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах гэсэн 2 үндсэн зарчмыг суурь болгохоор заасан ба төлөвлөлтийг Бэлчээр ашиглагчдын хэсгийн төлөвлөгөө, Багийн төлөвлөгөөний саналд тулгуурлана.
Төсөл хэрэгжиж буй сумдын “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-д ямааг хонин толгойд шилжүүлэх итгэлцүүрийг өсгөж, үхэр дээр бууруулсан нь ямааны тоо толгойг цөөлөх, үхрийн тоо толгойг өсгөх замаар сүргийн зохистой бүтэц бий болгох урт хугацааны бодлого юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn