Баннер

Холбоос

Ном, товхимол
"Экстейншин " сэтгүүл 2010 он II улирал
 
ТӨРӨӨС ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ, ҮР ДҮН
Манай улс үе үеийн тариаланчдынхаа оролцоотойгоор 1959, 1976 онуудад атрын аяныг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд газар тариалангийн бие даасан салбар үүсэн бэхжиж, тариалангийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 сая га-д хүрч, бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн нь зөвхөн тариаланчдын төдийгүй улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд томоохон өөрчлөлт авч ирсэн түүхэн ач холбогдолтой арга хэмжээ байсан. 
Гэтэл сүүлийн жилүүдэд тохиолдож буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дулаарлын нөлөө ихэссэн, тариалан эрхэлж байгаа ААН-үүд техник технологийн шинэчлэлийг бие даан хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн чадавхгүй болсон, мэргэшсэн ажилтан, мэргэжилтний тоо цөөрсөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан 1990 оноос хойш газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ, үр дүн нь жил дараалан буурсаар байсан юм.
Тиймээс газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилгоор тус яамнаас санаачилан мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд,төв орон нутгийн төрийн захиргааны болон ААН-ийн удирдах ажилтан, гадаадын хөтөлбөр, төслийн зөвлөх мэргэжилтнүүдийг оролцуулсан хэд хэдэн удаагийн уулзалт ярилцлага, маргаан, мэтгэлцээн, семинар, зөвлөлгөөн зохион байгуулж түүнээс гарсан саналыг үндэслэн 2003 онд доорхи дүгнэлтийг хийсэн юм. Үүнд:
- Хуучин тогтолцооны үед үр тариа, төмс хүнсний ногооны үр үйлдвэрлэх үүрэгтэй байсан сангийн аж ахуйнууд нь хувьчилагдсан, түүний эх материалыг гаргадаг эрдэм шинжилгээний байгууллагуудын харъяалал өөрчлөгдсөн,тэдгээрт техникийн шинэчилэл огт хийгдээгүй зэрэг нь үрийн үйлдвэрлэлийг зогсонги байдалд оруулж аль олдсон үрээрээ тариалж ургац алдах нэг нөхцлийг бүрдүүлсэн. 
- Тариалангийн аж ахуйнуудад социализмын үед төрөөс үзүүлж байсан дэмжлэгийг гэнэт зогсоосноос эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж техник, технологийн шинэчлэлийг бие даан хэрэгжүүлэх чадваргүй болж улмаар хөрс боловсруулалт болон тариалангийн ажлыг технологийн хугацаанд нь шаардлагад нийцүүлэн бүрэн хийж чадахгүй болсон нь импортоор авсан сайн үрийг чанар муутай боловсруулсан талбайд тариалж ургац алдаж байв. 
- 1980-аад оны дундуур цаг уурын тааламжтай нөхцөлд боловсруулсан “Монгол улсад газар тариалан эрхлэх технологийн зөвлөмж” нь уур амьсгалын болон зах зээлийн өнөөгийн нөхцөлд таарахгүй болсон зэрэг үндэслэлүүдтэй гадаад, дотоодын бүх мэргэжилтнүүд санал нэгдсэн. 
Ийм учраас газар тариаланг сэргээн хөгжүүлэхийн тулд юуны өмнө эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, улмаар техник технологийн шинчлэлийг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжих нөхцлийг бүрдүүлэх үүднээс юуны өмнө газрын харилцааг шинэчлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 2003 оноос эхлэн “Газрын тухай”, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай”, “Үрийн тариалангийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Ургамал хамгаалалын тухай” хуулиудыг холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан нь газар тариаланд гадаад дотоодын хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэл хийх, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хөдөөд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн.
Түүнчлэн “Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуульд улсад болон гурлын үйлдвэрүүдэд нийлүүлсэн хүнсний буудайн тонн тутамд төрөөс мөнгөн урамшуулал олгохоор хуульчилсны үр дүнд буудай тариалах ААН,иргэдийн сонирхол, тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж байна. 
Мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор импортоор авч байгаа ХАА-н зориулалттай шинэ трактор,комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болонусалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгаалалын бодисыг" Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай”, Импортын хүнсний буудай,гурил, төмс, хүнсний ногооны гаалийн албан татварын хувь хэмжээг дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүүлэлт, улирлын байдалд нийцүүлэн ялгавартайгаар тогтоож байхаар хууль,тогтоомжуудад өөрчлөлт оруулсан нь хүнсний хомсдлыг багасгах, үнийг тогтворжуулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд төрөөс үзүүлсэн томоохон дэмжлэг болж байв.
Гэсэн хэдий ч 2007 оны түвшинд тариалангийн нийт талбайн 30 гаруйхан хувийг ашиглаж, тухайн жилийн ургац хураалтын дүнгээр 112.9 мянган га-гаас 114.6 мянган тонн үр тариа, үүнээс 106.9 мянган га-гаас 109.0 мянган тонн буудай, 11.6 мянган га-гаас 113.6 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 79.1 мянган тонн хүнсний ногоо, 7.0 мянган га-гаас 12.0 мянган тонн малын тэжээлийн ургамал буюу нэгжээс 10.2 цн үр тариа, 97.7 цн төмс, 128.2 цн хүнсний ногоо тус тус авч хэрэгцээт буудайн дөнгөж 24.9 хувь,хүнсний ногооны 47.0 хувь, төмсний 86.0 хувийг тус тус дотоодын үйлдвэрлэлээр хангаж байлаа.
Төрөөс газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлж байсан боловч ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийн эдэлгээний хугацаа дууссан, тавигдаж буй технологийн шинэчлэлд тэр бүр нийцэхгүй байгаа зэргээс шалтгаалан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дорвитой ахиц,өөрчлөлт гарч чадахгүй байлаа.
Тиймээс гурил, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангахын тулд газар тариалангийн салбарт иж бүрэн, цогц арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг тодорхойлж хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаа шийдвэрлэхээр томоохон зорилт дэвшүүлсэн юм.
МУ-ын Засгийн газраас “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын асуудлаа шийдвэрлэхээр дэвшүүлсэн дээрх зорилтын хүрээнд “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулан хэрэгжилтийг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү хөтөлбөрийг 2008-2010 онд хэрэгжүүлсэнээр газар тариалангийн салбарт эрх зүй, эдийн засаг, техник,технологийн шинэчлэл хийгдэж хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах, улмаар дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тариаланчид, механикжуулагчид, ногоочдын залуу халаагбэлтгэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулахад бодитой үр дүн гарна гэж үзсэн юм.
Хөтөлбөр нь зөвхөн газар тариалангийн салбарт төдийгүй малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээж улмаар эрчимжсэн МАА-н салбарын хөгжилд чухал түлхэц өгч мах, сүү, өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ч чухлаар нөлөөлөх юм. Дэлхийн зах зээл дээр гурил, буудайны эрэлт хэрэгцээ нэмэгдэж үнэ нь жилээс жилд өсөж байгаагийн зэрэгцээ байгалийн гаралтай цэвэр, аюулгүй хүнс хэрэглэх сонирхол давамгайлах болсон өнөө үед нөөц бололцоогоо дайчлан үр дүнтэй ашиглаж, өмнөх жилүүдийн туршлага, сургамжаа өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн ашиглах замаар газар тариалангийн үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. МУ-ын Засгийн газрын “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүн.
а/ 2008 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
“Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн гарааны жилийн ажлын үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөө нь хөтөлбөрийн зорилго, зорилтыг цаашид бүрэн хангахад чухал ач холбогдолтой байсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Үүнд:
Юуны өмнө импортоор авч байгаа ХАА-н зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо,ургамал хамгаалалын бодисыг “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг УИХаар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна. 
Үүний зэрэгцээ ААН-д үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх тариалангийн талбайн дээд хэмжээг үр тарианд 20.000 га, төмс, хүнсний ногоонд 200 га хүртэл нэмэгдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.
ААН, иргэдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тариалангийн бүсийн аймгуудад тус бүр 1.0 -2.0 тэрбум төгрөгийн төсвийн итгэлийн зээл олгосны зэрэгцээ хүүгийн хөнгөлөлттэй зээлд 103 төслийг хамруулж 10.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Хаврын тариалалтад зориулан 6.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 6.0 тонн үр импортоор авч үнийг нь 50 хувиар чөлөөлж 470.0 мянган төгрөгөөр, дотоодын үрийн буудайн үнийг 400.0 мянган төгрөгөөр тус тус тогтоож 20 хувийн урьдчилгаатайгаар 300 гаруй ААН, иргэнд 10.7 мянган тонн үр олгож уриншилж бэлтгэсэн талбайдаа бүрэн тариалах арга хэмжээ авсан.
Аяны хүрээнд тариалан эрхлэгч 1044 ААН, иргэнд 3,7 тэрбум төгрөгийн шатахууныг зээлээр олгож уринш боловсруулалтад дэмжлэг үзүүлсний үр дүнд 2009 оны тариалалтад зориулан 256.4 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэв.
Үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах арга хэмжээнд 250,0 сая төгрөгийн санхүүжилт олгож шинээр 5 харвах суурь, 500 ширхэг пуужин худалдан авах арга хэмжээг хэрэгжүүлснээр 2008 оны 5-6 дугаар саруудад олон жилийн дунджаас ахиу хур тундас орж, тарималын ургацыг хэвийн сайн байлгах нөхцлийг бүрдүүлсэн. 
Хөрсний үржил шимийг хамгаалах, хог ургамалтай химийн аргаар тэмцэх ажлыг эрчимжүүлэх, хөрс боловсруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилгоор 1000 тонн эрдэс бордоо 116 тонн ургамал хамгаалалын бодис импортоор авахад 500,0 сая төгрөг зарцуулж ААН, иргэдийн төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үнийг 90 хувиар хөнгөлж олгосноор 2008 оны ургац цэвэршилтээрээ урьд жилүүдийнхээс харьцангуй сайжирсан.
Аяныг хэрэгжүүлэх гарааны эхний жилд техникийн шинэчлэл хийхэд онцгойлон анхаарч 120-175 морины хүчтэй 140 ширхэг трактор, үр тарианы 41 комбайн, 35 морины хүчтэй 80 ширхэг төмсний иж бүрдэл бүхий трактор, 182ширхэг ХАА-н чиргүүл дүүжин машиныг нийлүүлж үнийг нь 50 хувиар чөлөөлөн 3 жилд багтаан төлөх нөхцөлтэйгээр 160 гаруй ААН-д олгосон байна.
Орон нутагт “Атрын гурав дахь аян”-ны хэрэгжилтийг эрчимжүүлж, тариалан эрхлэгч өрх, жижиг ААН, иргэдийг хөтөлбөрт өргөнөөр хамруулах, үр шимийг хүртэхэд нь дэмжлэг үзүүлэх, техник, технологийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор бүх сумдад Агропарк байгуулахаар шийдвэрлэж 30 тоннын багтаамжтай зоорь,6х20 метрийн харьцаатай хүлэмж, бага оврын тракторын иж бүрдэл олгосон бөгөөд энэхүү арга хэмжээнд 847.5 сая төгрөг зарцуулсан.
Мөн төмсний үрийн чанарыг сайжруулах зорилгоор Голланд улсаас “Санте” сортын 150 тонн элит үрийг импортоор авч 50 га-д тариалалт хийж нэгжээс 20-25 тн ургац хураан авснаар өнөөдөр чанар сайтай үрийн нөөцтэй болж, үр шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж байна. 
“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гарааны жилд байгаль цаг уур ивээн тэтгэсний зэрэгцээ Засгийн газраас авч хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээ, түүнд урамшсан тариаланчдын маань хичээл зүтгэлийн үр дүнд 155.0 мянган га-гаас 205.8 мянган тонн үр тариа, үүнээс 200.5 мянган тонн буудай, 12.3 мянган га-гаас 142.1 мянган тонн төмс, 6.5 мянган га-гаас 80.6 мянган тонн хүнсний ногоо, 12.2 мянган га-гаас 5.4 мянган тонн тосны ургамал, 6.2 мянган га-гаас 15.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авлаа.
Үүнийг 2007 оны ургацтай харьцуулахад үр тариа 91.2 мянган тонноор, төмс 28.5 мянган тонноор, хүнсний ногоо 1.5 мянган тонноор тус тус нэмэгдэж, жилийн хэрэгцээт буудайны 50 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 49 хувийг тус тус дотоодын ургацаас хангасан байна.“Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2008 онд нийтдээ 32.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан болно.
б/ 2009 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
“Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” МУ-ын Засгийн газрын 12 дугаар тогтоол гарсаны дагуу Үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх чиглэлээр 2009 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулав. 
Улаанбуудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,тариаланчдад эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж буудайнд мөнгөн урамшуулал олгох эрх зүйн үндсийг баталгаажуулсан юм 
Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь, Төв, Булган, Орхон, Хөвсгөл, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг “Эрчимжсэн МАА, газар тариаланг хослон хөгжүүлэх бүс нутаг болгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулав.
2009 оны хаврын тариалалтад зориулан 450 гаруй ААН, иргэнд 12.6 мянган тонн буудайн үрийг хөнгөлөлтэй нөхцлөөр олгож төлөвлөсөн хэмжээндээ тариалалт явуулах боломжийг бүрдүүлсэн юм.Тариалах, уринш боловсруулах, ургац хураах ажлыг технологийн хугацаанд явуулахад нь дэмжлэг үзүүлж,давхардсан тоогоор 1500 гаруй ААН, иргэнд 7.8 мянган тонн дизелийн түлшийг МУ-ыг хөгжүүлэх сангаас намрын ургацаас суутган тооцох нөхцлөөр гэрээ байгуулан олгосноор 269.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсэн.“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3 ангиллын 292 зүтгэх хүчний трактор, 74 ширхэг үр тарианы комбайн, 256 ширхэг ХАА-н чиргүүл, дүүжин машиныг ААН, иргэдэд 20-30 хувийн урьдчилгаатайгаар олгожээ.
Тариалан эрхлэгч жижиг ААН, иргэдийг техник,технологийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор 11 аймгийн 22 суманд техникээр үйлчилгээ үзүүлэх дундын нэгжийг байгуулснаар 4000 гаруй ногоочдын гар хөдөлмөрийг механикжуулав.
Тариалангийн бүс нутгуудад стратегийн зориулалтаар хүнсний буудайн нөөц бүрдүүлэх, хадгалах, хамгаалах технологийг сайжруулахад 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 46.0 мянган тоннын багтаамжтай хоёр элеваторыг Сэлэнгэ, Булган аймагт ашиглалтад оруулах ажлыг эхлүүлсэн. 
Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тариалан эрхлэх арга ажиллагаанд сургах зорилгоор “Ногоон хувьсгал” хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 940 га-д тариалах төмс, хүнсний ногооны үрийг 8.0 мянган өрхөд олгосон нь орлого багатай өрхийн амьжиргаанд зохих нөлөө үзүүлсний зэрэгцээ төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг 12-16 хувиар өсгөлөө.
Улаанбаатар хотод хүлэмжийн төрөлжсөн ААН-үүдийг байгуулахад зориулан нийт 43.2 мянган метр квадрат талбай бүхий 310 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгосноор таримлын нэр төрөл нэмэгдэх, зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний тоо, хэмжээ өсөх нөхцлийг бүрдүүлэв.
Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төсөл сонгон шалгаруулж 19 аймгийн 78 ААН, хоршоо,иргэнд нийтдээ 920 сая төгрөгийн урт хугацаатай зээл олгож жимс, жимсгэний талбайг 300 га-гаар нэмэгдүүлж нийслэлийн Хан-Уул дүүрэгт 20 га талбай бүхий эх цэцэрлэгийг суулгац үйлдвэрлэх зорилгоор байгуулсан.
Төв, Булган, Дархан-Уул аймгийн 40 гаруй сумын 516 ААН, иргэдийн 178.0 мянган га талбайд хөрсний үржил шимийн төлөв байдлын иж бүрэн шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэн, технологийн зөвлөмж, талбайн байршил зүйн зургийн хамт олгож гэрчилгээжүүлсэн юм.
Услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах ажилд МУ-ыг хөгжүүлэх сангаас 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсний үр дүнд усалгаатай талбайн хэмжээ 5.3 мянган га-гаар нэмэгдэж 31.1 мянган га-д хүрэх боломж бүрдлээ.
Тариалангийн салбарт ажиллагсадыг сургах, давтан сургах, шинээр мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд анхаарч менежер, мэргэжилтэн 38 хүнийг ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н академийн сургалтад хамруулав.
“Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хоёр дахь жил буюу 2009 онд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний үр дүнд нийтдээ 245.2 мянган га-гаас 392.9 мянган тонн үр тариа, үүнээс 389.1 мянган тонн буудай,13.1 мянган га-гаас 156.0 мянган тонн төмс, 6.5 мянган га-гаас 81.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авлаа.
Үүнийг хөтөлбөрийн хэрэгжилтийн суурь он болох 2007 оны ургацтай харьцуулахад үр тариа 278.3 мянган тонноор, үүнээс буудай 280.1 мянган тонноор, төмс42.4 мянган тонноор, хүнсний ногоо 2.3 мянган тонноор тус тус нэмэгдэж, жилийн хэрэгцээт буудайны 97.0 хувь,төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын ургацаас хангав.
“Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2009 онд нийтдээ 30.3 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан болно.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний хоёр жилд газар тариалангийн салбарт үзүүлсэн дээрх дэмжлэгийн үр дүнд хөдөө орон нутагт 5000 гаруй механикжуулагч, ногоочид ажлын байраар хангагдан, 3 ангиллын 512 ширхэг зүтгэх хүчний трактор, 130 ширхэг үр тарианы комбайн, 438 ширхэг ХАА-н чиргүүл, дүүжин машиныг ААН, иргэдэд 20-30 хувийн урьдчилгаатайгаар 3 жилд төлөх нөхцлөөр олгож техник,технологийн дэвшил, шинэчлэлийг нэвтрүүлснээр нэгжээс авах ургацын хэмжээ 16.0 цн-т хүрч, газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй зүтгэх хүчний тракторын 65 хувь, ургац хураах техникийн 60 хувийг шинэчлэв.
Хоёр. “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор 2010 онд дэвшүүлсэн зорилт.
Өнөөдрийн байдлаар 257.7 мянган га-д үр тариа,үүнээс 247.0 мянган га-д буудай, 12.2 мянган га-д төмс,5.4 мянган га-д хүнсний ногоо, 4.4 мянган га-д тэжээлийн ургамал тариалаад байна. Мөн энэ жил 274.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэнэ.
а/ Дээрх зорилтыг хангахын тулд дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
- Тариалангийн ААН-үүд өөрийн хөрөнгө оруулалтаар өндөр хүч чадлын техник, тоног төхөөрөмж импортлоход бодлогын зөвлөмж, дэмжлэг үзүүлнэ.
- Техникийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр хаврын тариалалтыг 10-14 хоногт, уриншийн нэг удаагийн боловсруулалтыг 12-14 хоногт, ургац хураалтыг 21-38 хоногт тус тус багтаан гүйцэтгэх техникийн боломжийг бүрдүүлнэ.
- Газар тариалангийн техникийн паркийн 80 орчим хувийг бүрдүүлдэг ОХУ, ТУХН-ийн орнуудаас нийлүүлэгдсэн хуучин, шинэ техникийн парк ашиглалтыг сайжруулах,техникийн суурин болон явуулын засвар үйлчилгээг бий болгох эхлэлийг тавьж сэлбэгийн эргэлтийн сантай болно.
- Өрхийн болон хувиараа тариалан эрхлэгч иргэдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч техникээр үйлчилгээ үзүүлэх дундын ААН-ийг нэмж байгуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
б/ 2010 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар.
“Улаанбуудай, гурилын импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх тухай”, “Газар тариалангийн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулан холбогдох яамдаас санал авч УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд үрийн чанарыг сайжруулах зорилгоор 2.0 мянган тонн Алтайский 99, 100 сортын элит үрийг импортоор нийлүүлж 30 хувийн урьдчилгаатайгаар олгосон.
Хаврын тариалалтын ажилд зориулан нийтдээ 211 ААН, иргэнд 6.2 мянган тонн үрийн буудай, 585 ААН-д 1.5 мянган тонн дизелийн түлш, 150 ААН-д 4.3 мянган тонн үр ариутгалын бодисыг тус тус 15 хувийн урьдчилгаатайгаар олгов. Мөн өнөөдрөөс уриншийн шатахуун 30 хувийн урьдчилгаатай олгож эхлэх ажлыг зохион байгуулж байна.
- Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 250.0 мянган литр раундап, 5.0 мянган литр үр ариутгалын бодис,400 кг алмазис, 40 мянган литр бутилын эфирийг тус тус нийлүүлсэн.
- Хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, үржил шимийг нь нэмэгдүүлэх, талбайд сүрлэн хучлага үүсгэх, үр тариа цэвэрлэх, ачих, үрийн буудай хордуулах машин техникүүдийг нийлүүлж эхлэж байна.
Архангай, Говь-Алтай, Увс аймгуудад газар тариалангийн загвар ААН байгуулж, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсний зэрэгцээ 11 аймгийн 26 суманд техникийн дундын үйлчилгээний ААН-ийг шинээр байгуулж, холбогдох техник тоног төхөөрөмжийг олгож эхлэв.
Үтрэмийн аж ахуйд техникийн шинэчлэлийг хийж үр цэвэрлэх болон ачих машин, технологийн дэвшилд нийцсэн агуулах барьж ашиглалтад оруулах зорилгоор 100 тоннын багтаамжтай 60 ширхэг босоо төмөр агуулах нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
“Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд төмс,хүнсний ногоо, жимс, жимсгэний үр суулгац болон бусад тоног төхөөрөмжийг хүсэлт захиалгын дагуу олгов.Хөтөлбөрийн хүрээнд зайны болон танхим, талбайн сургалт, сурталчилгааг төв болон орон нутгийн салбар штаб, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүд, нэвтрүүлэх төв, агропаркуудыг түшиглүүлэн зохион байгуулж эхлэв.
“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 230 иж бүрдэл, 30.0 мянган м2 талбай бүхий нийлэг хальсан хүлэмж нийлүүлж хүлэмжийн төрөлжсөн аж ахуй байгуулах сонирхолтой иргэн, ААН-д хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон.
“Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд суулгац үржүүлэг дийг дэмжих, чацаргана тариалах талбайг нэмэгдүүлэх зорилгоор 200.0 мянган ширхэг чацарганы суулгацыг тендер зарлан дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч чацаргана тариалах сонирхолтой, усалгаатай талбай бүхий иргэд, ААН-үүдийн дунд төсөл шалгаруулж, 5 жилийн хугацаатайгаар зээлээр олгох ажлыг хэрэгжүүлэв.
Улсын төсвөөс хөрөнгө оруулалтын дэмжлэгээр 700 га талбайг услах хүчин чадалтай услалтын системийг сэргээн засах, 1150 га талбайг услах хүчин чадалтай 20 услалтын систем, 300 га талбайг услах 34 жижиг услалтын системийг тус тус шинээр барихад нийтдээ 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж 2150 га талбайг усалгаажуулах арга хэмжээ авч байна.
Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу “Халх гол” төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж,уг төслийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Цаашдаа “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлэх,үтрэм, агуулахын аж ахуйг хөгжүүлэх, таваарын буудайн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, улмаар газар тариаланг экспортын чиг баримжаатай салбар болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.