Эрх зүй

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

УИХ-ын тогтоол
 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай
 
2011 оны 06 сарын 03 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот 
 
 
 
Дугаар 30
 
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан 100 /нэг зуун/ тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд 2011 онд төрөөс олгох мөнгөн урамшуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 /тавин/ тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 150 /нэг зуун тавин/ тэрбум төгрөгийн, нийт 300 /гурван зуун/ тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан нэгдүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох;
2/2011 онд хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгосон мөнгөн урамшуулал болон энэ тогтоолын 3 дахь заалтад заасан Монголбанкны урьдчилан төлсөн хүүгийн зөрүүг буцаан олгохтой холбогдсон зардлыг 2012 оны улсын төсөвт тусгаж, цаашид мөнгөн урамшуулал болон үнэт цаасны хүүгийн зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх;
3/хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, хонины болон тэмээний ноос бэлтгэлд мөнгөн урамшуулал олгоход тавигдах шаардлага, Засгийн газрын үнэт цаасны санхүүгийн эх үүсвэрийн болон түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааны шат дарааллын бүдүүвчийг тогтоосон холбогдох журмын төслийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу 2011 оны эхний хагаст багтаан батлан мөрдүүлэх;
4/мал аж ахуйн гаралтай бусад түүхий эдийн дотоодын бэлтгэл болон энэ чиглэлийн үндэсний үйлдвэрүүдийг дэмжихтэй холбогдсон асуудлыг боловсруулан Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх.
3.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн 7 хувиас илүүгүй байхаар тооцож, 2011 оны хүүгийн зөрүүг урьдчилан төлөхийг Монголбанк /Л.Пүрэвдорж/-нд үүрэг болгосугай.
4.’’Хоршооны гишүүн” гэсэн тодотголыг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
5.Энэ тогтоолыг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
 
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ