Эрх зүй

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Засгийн газрын тогтоол
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
УЛСЫН САЙН МАЛЧИН,УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН,УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
 
2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот 
 
 
 
Дугаар 18
 
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2012 онд 56 хүртэл малчныг Улсын сайн малчнаар, 20 хүртэл иргэнийг Улсын тэргүүний тариаланчаар, 12 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг Улсын тэргүүний тариаланч хамт олноор тус тус шалгаруулсугай. (Энэ зүйлд 2012-01-30-ны 25-р тогтоолоор өөрчлөлт орсон)
2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын сайн малчин шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“13. “Улсын сайн малчин” тус бүрийг 2.0 (хоёр) сая төгрөгөөр шагнана. “Улсын сайн малчин”-д олгох цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, таван хошуу малын дүрс бүхий цутгамал мөнгөлсөн өргөмжлөл, мөнгөн аяга, домбо хийлгэх, худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.”
3. Мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам”-ын 12 дугаар зүйлийн “ ...тус бүр 3.0 (гурван) сая төгрөгөөр” гэснийг “тус бүр 5.0 (таван) сая төгрөгөөр” гэж өөрчилсүгэй.
4. Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланч, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний хоршоогоор шалгарсан малчид, тариаланч, фермер, хоршоог хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын сайн малчин шалгаруулах журам”-ын 2 болон 10 дугаар зүйлийн “15 хүртэл малчныг” гэснийг, мөн журмын 8 дугаар зүйлийн “3 хүртэл малчныг” гэснийг, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам”-ын 10 дугаар зүйлийн “8 хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, 15 хүртэл иргэний” гэснийг тус тус 2012 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                          С.БАТБОЛД
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн 
      үйлдвэрийн сайд                                                          Т.БАДАМЖУНАЙ