Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Нийтлэл
МОНГОЛЫН хөдөөг АНГЛИЙН хөдөө шиг болгоё
Өмнөх нийгмийн үед говийн, өндөр уулын нэмэгдэл гэж байж. Аймаг бүрт худалдааны том трест, сум болгонд Худалдаа, бэлтгэлийн анги гэж байсныг санах юм. Тэдгээрт зөвхөн улсаас тогтоосон нэг л үнэ үйлчилнэ. Тэгэхэд төв суурин газар руу тэмүүлэх амьдралын шаардлага байдаггүй байв. Харин ч эсрэгээрээ, хөдөөг зорих, тэндээ суурьших хүсэл тэмүүлэлтэй хүмүүс олон байсан юм шиг.

Учир нь хот, хөдөөд амьжиргааны ялгаа гэж байсангүй. Улаанбаатарын дэлгүүрт байдаг хоёр төгрөгний молоког хамгийн захын аймгийн, хамгийн алслагдсан сумын дэлгүүрт тэр л үнээр зарна. Харин ч аймаг, суманд ажиллаж, амьдрах нь ирээдүйд нь ашигтай учраас эх орны минь хаяа хязгаар өмөөрөх эзэнтэй байдаг байж дээ гэж хааяа бодогддог юм.

Тухайн үеийн Бүсийн нэмэгдэл гэдэг нь үндэсний аюулгүй байдал, хүн ам зүйн удамшлын аюулгүйн бодлоготой холбоотой байсан юм биш үү. Үнэндээ өнөөдөр, Монголын эмгэнэл хөдөөд л байна. Харах эзэнгүй газар нутгийг маань Монголыг гэх элэггүй гадна, дотнынхон сэндийчиж дуусгаж байх шиг. Амьдралын эрхээр уулын мухарт үлдэгсэд өөр зуураа гэрлэж цус ойртсоноор үндэстний ирээдүйг сулруулж байна.

Зах зээл харилцаагаа зохицуулдаг гэсэн шалтгаанаар Монголын газар нутгийн онцлог, байгаль цаг уурын эрс тэс нөхцөл, төвөөс алслагдмал байдал зэрэгт зохицсон тогтолцоог 1992 онд үгүй хийжээ. Тэр цагаас хойш хөдөө хөсөр хаягдлаа, их нүүдэл хот руу чиглэлээ гэсэн үг хэл гарч эхэлсэн юмдаг. Асар өргөн уудам газар нутагтай Монголын хөдөө, хил хязгаар ингэж эзгүйрэх болсон үндсийн үндэс нь Бүсийн нэмэгдлийг үгүй хийсэн явдал гэдэг нь өнөөдөр маш тодорхой болж байна.

Өсөж төрсөн газар нутгаа орхиод хөдөөгийнхөн хот руу яагаад шилжэх болов? Хариулт нь хэдхэн үгэнд багтана. Сум, аймагт ажлын байр, орлого олох зах зээл байхгүй. Амьжиргааны гол эх үүсвэр болсон малын гаралтай түүхий эдийн үнэ дэндүү хямд.

Тэгсэн хэрнээ хүнс, барааны өргөн хэрэглээний гол бараа, бүтээгдэхүүн үнэтэй. Ердөө л энэ шүү дээ. Цалин багатай, огт орлогогүй хүмүүс зах зээлээс хэд дахин илүү үнэ төлж, хөдөө орон нутагт амьдрахыг хүсэх үү. Үгүй. Өрөм дотроосоо өтдөг гэдэг шиг Монгол эх орон захаасаа сүйдэж, хөдөөгийн монголчууд маань шүүрс алдаж эхэлсэн байна шүү, УИХ-ын гишүүд минь.

ХӨДӨӨГИЙНХНӨӨР УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬЧИХ

Энэ УИХ-ын гишүүд их сонин. 76-гийн 50 нь орон нутгаас сонгогдсон юм. Тэр утгаар нь бодвол Бүсийн нэмэгдлийн хууль (хуулийн албан ёсны нэр нь Алслагдсан болон Говийн бүсийн нэмэгдэл бий болгох тухай) ногоон гэрлээр батлагдчихмаар. Гэтэл тэгсэнгүй. С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Я.Батсуурь, Ц.Сэдванчиг нарын гишүүн Бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газар нь дэмжээд чуулганаар хэлэлцүүлэх гэтэл унагаад хаячихаж байгааг юу гэж ойлгох вэ.

Дахин сонгогдохоо бодох, сонгогчдод хайртайгаа нотлох хамгийн том шаанс нь Бүсийн нэмэгдлийн тухай хуулийг батлах байтал гар хумхиад суучихаж байгаа юм. Үнэхээр сонин. Хууль санаачлагч нэгний хэлснээр төслийг анх удаа сонгогдсон голдуу гишүүд санаачилсан юм билээ. Бүсийн нэмэгдэл батлагдвал тэдний улстөрчийн рейтинг өсөх байсан ч юм уу. Ийм шалтгаанаар хуучцуул “хориг” тавьсан гэж дуулддаг. “Та нарт бяраа харуулна аа, наадахаа татаж ав” гэж хүртэл занасан гэж байгаа юм.

Арай ч дээ, үгүй байлгүй гэхэд тийм л санаагаар бидэнд хандсан юм даа гэж ярьж байна. Төсөл санаачлагчид няцаагүй бололтой. Төслийг дахин өргөн барихаар нэгдүгээр сард Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Одоогоор хариу ирээгүй гэсэн. Уг нь АН, МАН-ынхан сонгуулиар бүсийн нэмэгдлийг амласан юм гэнэ лээ.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч энэ тухай бий. Хөдөөгөө хөсөр хаяснаас хойших шилжилт хөдөлгөөний сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад Улаанбаатарыг зорин ирэгсэд 63.7 хувь буюу 415.2 мянгаар өссөн байх жишээтэй. Говийн бүсийн 91 сумын хүн ам 12.3, хээрийн бүсийн 138 сумын хүн ам 6.2, хангайн бүсийн 96 сумын хүн ам 4.4, алслагдсан бүсийн 123 сумын хүн ам 12.1 хувиар цөөрчээ.

Хөдөө эзгүйрч байгаа шалтгааныг судалгаанд оролцогсдын дийлэнх нь ерөөсөө нийгэм-эдийн засгийн шалтгаан гэж тайлбарласан. Улаанбаатараас Ховд хүртэл нэг кг ачааг 200 төгрөгөөр тээвэрлэдэг юм байна. Таван тн ачаа Ховд руу тээвэрлэхэд нэг сая төгрөг болж байгаа биз.

Гэтэл 45 км Зуунмод руу кг-ыг нь 40 төгрөгөөр бодож тооцоход 200 мянга байх жишээтэй. Ховд руу онгоцоор нисэхэд нэг хүний зардал 300-400 мянган төгрөг, газар шуудан нэг талдаа 80 мянган төгрөг. Харин ДарханУул руу автобус нэг хүний 7000 төгрөгөөр явдаг гэнэ билээ.

Өнөөдөр ноолуурыг Нийслэлд 70 мянган төгрөгөөр шахаж байхад Ховдын түүхий эдийн захад 45 мянга орчим төгрөг байна гээд бод. Гэсэн хэрнээ алслагдсан бүс нутаг, төвд ажилладаг төрийн албан хаагчдын цалин яг адилхан бөгөөд хөдөөгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр малын гаралтай түүхий эдийн ханш дунджаар 20-30 орчим хувиар бага байна. Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ алслагдсан бүс нутагт зах зээлийн ханшаас мөн энэ хэмжээгээр өндөр байгаа. Тэгж бодохоор хөдөөд орлоготой хүн үнэндээ алга. (ханшийн зөрүүг графикаас харна уу).

БҮСИЙН НЭМЭГДЛИЙН ХУУЛЬТАЙ БОЛБОЛ..,

Алслагдсан бүсийн оршин суугчдад нэмэгдэл олгодог, татварыг хөнгөлдөг жишиг АНУ, Канад, Англи, Арабын хойгийн

орнуудад байдаг юм байна. Манайд ч ийм туршлага байжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны тогтоолоор алслагдсан сумдад ажиллаж байгаа дээд, тусгай мэргэжилтэй албан хаагчдад цалингийн 10 хувийн нэмэгдэл олгодог байсан юм байна.

Гишүүдийн төслийг УИХ нь дэмжвэл алслагдсан бүсэд ажиллаж буй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад 20 хувийн нэмэгдэл өгөх юм. Бас Төрийн албаны тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах аж. Хэрвээ УИХ хуулиа батлаад өгвөл хөдөөгөөс хот руу чиглэсэн их нүүдэл саармагжиж, зах зээлийн үнийн дарамт эрс багасах нь тодорхой. Хамгийн гол нь хөдөө маань эзэнтэй үлдэх нь чухал билээ.

АНГЛИЧУУД ЯДРАХААРАА ХӨДӨӨГ ЗОРЬДОГ

Лондонд амьдардаг хүн ядрахаараа гэр бүлээрээ хөдөө амьдрахаар зорьдог. Учир нь бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээ, нийтийн унаа, бензин тос, нийтийн хоол, сургалтын төлбөр, татвар зэрэг бүх зүйл хотоос хямд боловч тэнд хотод байдаг бүх юм бий. Татвар, даатгал нь хотоос хамаагүй хямд.

Үйлдвэр, үйлчилгээ эрхэллээ гэхэд түрээс татвар нь хамаагүй бага тусна. Амьдрах газар нь алслагдмал байх тусам бүх юмны үнэ хямдарна. Тийм учраас Англид хөдөөний хүн гэхээр баян нөхөр гэж боддог гэсэн. Монголын хөдөө Английн хөдөө шиг болох болтугай.
эх сурвалж: Өнөөдөр
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *