Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
"Намрын ногоон өдрүүд" удахгүй эхэлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээ энэ онд нэлээд өргөн цар хүрээтэй болох бололтой. 

Ийн хэлэх болсон нэг шалтгаан нь жил бүр "Мишээл экспо" төвд болдог байсан уг арга хэмжээг энэ удаад төв цэнгэлдэхэд зохион байгуулахаар болсон явдал. Мөн үзэсгэлэн үргэлжлэх өдрүүдэд үзэсгэлэн, худалдааг уламжлал ёсоор зохион байгуулахаас гадна жимс, жимсгэнэ, шинэ сортын ногоог хэрхэн тарих тухай зөвлөгөө өгч, мал аж ахуй, газар тариалангийн салбарт ашиглаж байгаа дэвшилтэт, технологийг танилцуулах, хүнсний аюулгүй байдлыг сурталчлах зэрэг олон ажлыг төлөвлөөд байгаа ажээ. 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ХХААХҮЯ-аар ороход "Намрын ногоон өдрүүд-2011" нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажил ямар байгаа талаар хэлэлцэж байсан юм. Уг арга хэмжээг тус яам, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Мал эмнэлэг, үржлийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" зэрэг төрийн байгууллагаас гадна хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

Одоогоор бэлтгэл ажлын хүрээнд оролцогчдыг бүртгэх, аймаг, нийслэл, орон нутгийн байгууллагууд уг арга хэмжээнд ямар үүрэгтэй оролцох зэргийг хэлэлцэж, холбогдох хүмүүст нь үүрэг, даалгавар өгч, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн талаар ярилцаж байгаа юм байна. Энэхүү арга хэмжээ нь малчин, тариаланчдыг дэмжих, үйл ажиллагааг нь сурталчлах, салбарын яам болон Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулах үндсэн зорилготой. 

Үзэсгэлэнг энэ сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ нь ургац хураалт дуусч, өвөлжилтийн бэлтгэл ажил эрчимжсэн намрын урт шар өдрүүд үргэлжлэх үе гэсэн үг. Тиймээс ч нийслэлчүүд энэ намар, өвлийн турш хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг тэндээс авах боломжтой юм байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр "Алтан намар" урлагийн наадмыг зохион байгуулахаар болсон нь энэхүү арга хэмжээний нэг онцлог ажээ.

НОГОО, ЖИМС, ЖИМСГЭНЭ БОЛОВСРУУЛАХ АРГЫГ ЗААНА 

Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн иргэдийн хамгийн их сонирхдог зүйл нь мэдээж шинэ ургацын ногоо, жимс, жимсгэнэ, цагаан идээ байдаг. Тэгвэл "Намрын ногоон өдрүүд" эхэлсэн өдрөөс дуусах өдөр хүртэл шинэ ургацын ногоо, сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ, хүлэмжийн ургамлыг үйлдвэрийн үнээр борлуулах ажээ.

 Худалдаж авсан ногоо, жимс, жимсгэнээ боловсруулах, даршлах, нөөшлөх, хадгалах аргыг энэ сарын 27-нд мэргэжилтнүүдээс авч болох гэнэ. Бас ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн ургамлыг тарих технологи, арчлах зөвлөгөө өгөх ажээ. ХХААХҮЯ-ныхан үзэсгэлэнгийн үеэр газар тариалангийн үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа, захиалгын ажиллагааг зохион байгуулна гэдгийг хэлж байсан. 

Тэгэхээр хэрэглэгчид төдийгүй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд ч энэхүү арга хэмжээний үеэр хүссэн мэдээлэл шаардлагатай тоног төхөөрөмжөө авах боломжтой гэсэн үг юм. Дашрамд дурьдахад, зөвхөн өргөн хэрэглээний хүнсний ногоо төдийгүй тасалгааны цэцэг, чимэглэлийн ургамал, эмийн ургамлыг "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээний үеэр худалдан авч болох аж. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн стандарт, чанар, борлуулалтад хяналт тавих лаборатори төв цэнгэлдэхэд ажиллах учраас хүнсний аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй ажээ.

ШИЛМЭЛ МАЛЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА 

"Намрын ногоон өдрүүд"-ийн үеэр зохион байгуулах өөр нэг арга хэмжээ нь Монголд үржүүлж буй ашиг шимт үйлдвэр, омгын шилмэл малын үзэсгэлэн байх юм. Малыг олон нийтэд сурталчлахаас гадна дуудлагаар худалдах ажээ. 

Тодруулбал, энэ сарын 25-нд шилмэл адуу, үхрийг, 27-нд хонь, ямааг, 28-нд гахай, шувууг дуудлагаар худалдах юм байна. Манай улсын хувьд хэд, хэдэн улсад мах импортолдог. Улмаар "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд малын ашиг тус, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг хийж буй. Ерөнхийдөө хөтөлбөрийн хүрээнд хийж буй зарим ажлын үр дүн ямар байгааг үзэсгэлэнгийн үеэр харж болох нь ээ. 

Мөн мал аж ахуй эрхлэгчид малын тэжээлийн үйлдвэрлэл, хадлан тэжээл бэлтгэх шилдэг технологийг сонирхож, жижиг оврын тоног төхөөрөмжүүдийг худалдан авах боломжтой юм. "Шилмэл мал-2011" үзэсгэлэнгийн хүрээнд арвин, гойд ашигт шимт малын үржлийн ажилд хэрэглэж байгаа технологийн дэвшилтэд аргыг танилцуулж "Бэлчээрийн Монгол малын махны өдөрлөг"-ийг зохион байгуулах ажээ.

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *