Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Иргэд махнаас татгалзаж эхлэх нь
Цагийн сайханд нэг кг үхрийн махыг 2500 төгрөгөөр авдаг байлаа гэж ярих хүн олон. Хэдэн жилийн өмнө хонины мах 1100 төгрөгийн үнэтэй байжээ. Гэтэл одоо 8000 төгрөг давчихсан байна. Хамгийн хямддаа хонины мах 5700 төгрөгийн үнэтэй. Төр засгаас махны үнийн хөөрөгдлийг бууруулах гэж өчнөөн тонн мах нөөцлөөд ч хэрэг алга. 

Монгол Улс 40 сая мал, 2.8 сая хүн амтай хэрнээ жил бүр л махны хомсдолд орж махных нь үнэ тэнгэрт хаддаг. Ченжүүд үнэ хөөрөгдөөд байна уу, эсвэл хятадууд уу гэсэн таамаг иргэдийн толгойд эргэлдэнэ. 

Олон нийт ченжүүдийг буруутгаж муугаар дууддаг. Нийслэлийнхний амин зуулгаа цуглуулдаг Дэнжийн мянгад байрлах "Хүчит шонхор" зах дээр махны үнэ ямар байгааг сонирхохоор очлоо.

Хаврын хавсарга салхитайг хэлэх үү худалдаачид даарсан бололтой нүүр, амаа битүү тагласан байв. Махны худалдагч, ченжүүд "Надаас аваарай. Би хямд өгч байна. Хямдруулаад ав" гээд тэрүүгээр эргэлдэх хүн бүрийг татаж чангаах нь харагдав. Иргэд "үнэтэй байна" гэцгээж, махны үнэ нэмэгдлээ гэхэд 4000-5000 төгрөг байхад болмоор юм гээд бухимдаж байлаа. 

Энэ худалдааны төвд 54 контейнер, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг болон портер машинаараа мах худалдаалдаг хоёр мянгаад худалдаачин бий. Худалдааны төвийн гаднах талбайд портер машин дээр хонь, ямааны гулууз мах ачин борлуулах гэсэн ченжүүд "Хацар хайрах жавартай, хүйтэн салхи үлээсэн жиндүүхэн өглөө байх чинь" гээд зогсч харагдана. Ямар ч гүйлгээ байхгүй. Уг нь тус худалдааны төвд машин чихцэлдээд явган хүн ч явах зайгүй байдаг байсан. Гэтэл эл өдөр худалдан авагчид нь хааччихав гэлтэй нам гүм.

Ингээд мах жижиглэн худалдаалдаг тасгуудаар ороход ганц нэгхэн л худалдан авагчид. "Хүчит шонхор" захад өчигдрийн байдлаар мах дараах үнэтэй байлаа. Үхрийн цул махны жижиглэн худалдаалах үнэ нэг кг тутамд 7500-8500 төгрөг, гуяны мах 8500-9500 төгрөгийн үнэтэй. Адууны махны үнэ нэлээд өсч 8800 төгрөг болж. Хониных 6700-7500, ямааны цул 5800-6000 төгрөгийн ханштай байв. 

Худалдаачид махаа ястай, ясгүй гэж ангилан борлуулдаг. Өөрөөр хэлбэл, ямар малын мах гэдгээсээ хамаараад ястай махны үнэ цул махныхаас даруй 1000 төгрөгөөр хямд байгаа нь анзаарагдана. "Хүчит шонхор" захын худалдагчид махны үнийн өсөлтийн талаар ийн өгүүлэв.

МАХНЫ БОРЛУУЛАЛТ МУУ БАЙНА 

17 дугаар контейнерийн худалдагч Б.Оюунаа

-Махны борлуулалт хэр байна?
-Борлуулалт муу байна. Иргэдийн худалдан авах чадвартай холбоотой шүү дээ. Өчигдөр худалдан авсан махаа өнөөдөр дамнуулаад зарж сууна. Өдөр өнжихөөр жингийн хорогдол бий болно. Ард иргэд энд байгаа хэдэн ченжүүд л үнэ хэд дахин нэмээд өсгөөд байгаа мэтээр ойлгож байна. Max олдохгүй хэцүү байна шүү дээ.

-Хятадууд мах бөөндөж авдаг гэсэн. Энэ талаар юу мэдэх вэ. Үүнээс болоод мах олдохгүй байгаа юм биш үү?
-Хятадууд намар манай махыг нөөцөлчихөөд хавар махаа гаргаж буцаагаад ченжүүдэд худалдаж байгаа. Хятадууд мах авч, хууль бусаар гаргаж байна гэсэн ченжүүдийн дунд яриа ч байдаг.

-Малчдын гараас шууд авах боломж хэр байна. Ер нь мах бөөндөж аваад хэдэн төгрөг нэмж худалддаг вэ?
-Махны худалдаа эрхлээд 20-иод жил болж байна. Махаа бөөндөж аваад дээр нь 50-200 төгрөг нэмж худалдаалдаг байсан. Одоо бол хонины махыг 6050-иар аваад 6100-гээр худалдаалж байна. Малчид малынхаа буянаар амьдарч байгаа болохоор үнэ хүргээд зарахыг хүсдэг. Бид ч тэднийг ойлгож байгаа болохоор тэдний хэлсэн үнээр нь авдаг.

БОРЛУУЛЖ БУЙ МАХНЫ ИХЭНХ НЬ ХЯТАДУУДЫН БЭЛТГЭСЭН MAX

Худалдагч Н.Энхбат

-Хятадууд их хэмжээгээр мах худалдан авч, махны үнэ хөөрөгдөж байгаа. Тэд хавар махны үнэ өсөхөөр л гаргаж ирж зарж байгаа юм. Гэхдээ хятадууд ямар нөхцөлд махаа хадгалж авчирч бидэнд худалдаалж байгааг бүү мэд. Хүмүүс хорт хавдар тусах нь их болжээ. Энэ махнаас болж байгаа хэрэг биш үү гэмээр хардалт төрүүлнэ. Одоо энд худалдаалагдаж байгаа махны ихэнх нь хятадуудын бэлтгэсэн мах байгаа. Тэд ченжүүд бидэнд өндөр үнээр худалдаалж байгаа. Бид зээлээс зээлийн хооронд л амьдарч байна. Бид махны үнэ нэмээд худалдаалж байгаа бол одоо ингээд суухгүй шүү дээ. Гэтэл бодит амьдрал дээр тийм биш гэлээ.

Харин хятадууд нөөцөлсөн махаа хууль бусаар гаргах гэж байхад цагдаа нар илрүүлсэн тохиолдол зөндөө. Тухайлбал, 2010 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн XII хорооны 24 дүгээр байрны ард баригдаж байгаа барилгын хонгилоос 30 гаруй тонн ямааны мах илрүүлж байсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн XX хороо "Экопэтс фүүд" ХХК-ийн агуулахыг түрээслэгч Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны иргэн 36 настай н.Батбаатар гэгч мөн л гарал үүслийн гэрчилгээгүй 2061 ширхэг ямааны гулууз мах тус агуулахад хадгалж, хил давуулах гэж байсныг илрүүлж байсан. Ийнхүү махны үнийн өсөлтөд хятадууд нөлөөлж байгааг ченжүүд өгүүлнэ.

Тэгвэл "Хүчит шонхор" хүнсний захын хувьд бусад мах, махан бүтээгдэхүүний худалдаа явуулдаг зах, дэлгүүрийг бодвол хямд, бөөний үнээр махаа зардаг гэсэн ойлголт иргэдэд байдаг. Харин "Хүчит шонхор" хүнсний захын махны үнийн талаарх мэдээлэл нэг иймэрхүү. Тэгвэл махны үнэ өсөөд байгаа талаар Хүчит шонхор" захаас мах авч байгаа иргэд ямар бодолтой байгаа талаар сонирхолоо.

НЭГ ХЭСЭГТЭЭ MAX ИДЭХГҮЙ БАЙСАН НЬ Ч ДЭЭР

Иргэн Н.Наранбат
-Нэг хэсэг мах идэхгүй л байсан нь дээр юм шигээ. Арай дэндэж байна. Үхрийн цул мах 7500-8500 төгрөгийн үнэтэй байна. Хөгшид өвөл мах идэж, зун цагаан идээгээ идэж биеэ амраадаг байлаа гэж хуучилдаг байсан. Тэд өндөр насалсан ч яс сайтай харагддаг. Бид ядахдаа долоо хоног мах авахгүй гүрийх юм бол ченжүүд үнээ буулгах байх.

ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Иргэн А.Заяа
-Махны үнэ ерөөсөө буурахгүй юм. Зарим хүмүүс ченжүүдийг буруутгаад байх шиг байх юм. Муу нэртэй ченжүүд энэ улс орныг маань авч яваа. УИХ-ын 76-гийн дотор цагтаа ченж байсан нь ч бий. Махны үнэ өсч байгаад ченжүүдийг бас буруутгаж болохгүй байх. Төрөөс л бодлого хэрэгтэй.

ХАРАА ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА АЛГА

Иргэн Г.Шинээ
-Хичнээн сая малтай, хичнээн сая хүн амтай билээ. Махаа яачихдаг болоод хүн ам нь махны үнийг дийлж авч чадахаа больчихов. Манайд малын тоо толгой өсөх тусам махны нь үнэ улам өсөөд байдаг нь хачирхалтай. Махны үнэ нь бараг 10000 төгрөгт хүрлээ. Махны үнэ өсөхдөө зуу зуун төгрөгөөр өсдөг хэрнээ, буурахдаа 20 орчим төгрөгөөр урамгүйхэн урууддаг. Хараа хяналт, хариуцлага гэж юм алга. Улстөрчид, малчид, ченжүүд нь баяжаад ард иргэд нь ядуураад л байна.

ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭТЭЙ MAX АВЧ ИДЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ

Иргэн Ө.Лувсан
-Тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэвчих вэ. Үнэхээр л хэцүү байна. Тэнгэрт хадсан үнэтэй мах авч идэж үнэхээр дийлэхгүй нь. Монголчууд гэр бүл, ах дүүсээр олуулаа амьдардаг. Манайх гэхэд долуулаа. Ийм айл долоон мянган төгрөгөөр нэг кг мах худалдаж аваад яаж хооллох болж байна. Ченжүүд нь хятадууд Монголын махыг нөөцөлж аваад үнээ нэмээд байна гэх юм. Ченжүүдээс авахгүй гээд малчдын гараас авъя гэхэд бас үнэтэй байна шүү дээ.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *