Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Ярилцлага
Ц.Цэрэнлхам: Зөгийн аж ахуйг тариалангийн салбарт ч ашиглаж байна
Зөгийн аж ахуй эрхлэгчдийн гуравдугаар чуулган энэ сард боллоо. Зөгийн аж ахуй нь манай оронд 50 жилийн тэртээгээс нутагшжээ.
Гэвч ороо бусгаа нийгмийн цаг үед энэ аж ахуй орхигдож, хоцорсон ч одоогоос гурав, дөрвөн жилийн өмнөөс эргэн сэргэж эрчимтэйгээр хөгжиж буй билээ.
Иймээс зөгийчид энэ сард хоёр өдрийн турш салбарынхаа талаар зөвлөлдөж хэлэлцлээ.

Тэд өөрсдөд нь тулгамдаад байгаа асуудал болон цаашид энэ салбарыг хөгжүүлэхийн тулд ямар хүчин чармайлт гаргах ёстой вэ гэдэг дээр хамтран зөвлөлдсөн бөгөөд үүнд зөгийн аж ахуй эрхлэгчид болон энэ чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн докторууд илтгэл тавьж, санаа бодлоо тусгалаа. Ингээд уг зөвлөгөөнд оролцож буй Хөдөөгийн иргэдийн мэдлэг, хөгжлийн төвийн тэргүүн, МУИС-ийн доктурант Ц.Цэрэнлхамтай өнөөгийн зөгийн аж ахуйн талаар ярилцлаа.

-Зөгийн аж ахуй эрхлэгчдэд хамгийн том “гарын авлага” болдог зөгийчдийн зөвлөгөөн уржигдар болсон. Энэ зөвлөгөөний зорилго, ач холбогдол нь юу вэ?
-Энэ зөвлөгөөний гол зорилго нь зөгийчдөд аж ахуйгаа цаашид эрхлэн явуулахад шинжлэх ухааны үндэстэйгээр туслах, зөгийн аж ахуйн цар хүрээг нэмэгдүүлэх , үүнд төрийн анхаарлыг хандуулах үндсэн зорилготой. Иймээс энэ чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн докторууд зөгийн аж ахуй эрхлэгчдэд зориулсан судалгаа шинжилгээнийхээ дээжээс хүргэлээ. Үүнийг Зөгийн нийгэмлэг болон Дэлхийн зөнгөөс хамтран зохион байгуулж байгаа юм.

-Мэдээж, зөгийн аж ахуй нь бусад мал аж ахуй, газар тариалангийн салбараас хамаагүй бага хувийг эзэлж байгаа. Гэхдээ өнөөгийн зөгийн аж ахуй байдалд хэр ахиц гарч байна вэ?
-Өнөөдөр Монгол улсад 5000 бүл зөгий бий. Энэ бүл зөгийнүүд жилдээ нийлээд ердөө 20-хон тонн зөгийн бал гаргаж байна. Тэгэхээр үүнийг нийт массаар нь аваад үзэхээр харьцангуй бага тоо гарч байгаа юм. Иймээс юуны түрүүнд зөгийн аж ахуйн бүтээгдэхүүний чанар, үржүүлэгт зөгийчид анхаарах нь чухал байгаа юм.

-Зөгийн үржүүлэгт бэлчээр нутаг хэр нөлөөтэй вэ. Манай орны аль хэсэгт зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна вэ?
-Зөгийн аж ахуй нь манайд байгаагүй биш байсан, хүмүүс эрхэлдэг байсан юм шүү дээ. Аль 50 жилийн өмнөөс байсан бөгөөд нэг хэсэг устаад одоо сэргэж байгаа салбар юм.
Зөвлөгөөнөөр “Зөгийн бэлчээр нутаг балт ургамал” сэдвээр доктор н.Очирбат илтгэл тавилаа л даа. Тэр хүн манай оронд зөгийг үржүүлэх асар их нөөц байгааг хэлж байсан. Зөгийн бэлчээр нутаг гэж балт, тост ургамал элбэгтэй тийм газрыг л хэлж байгаа юм шүү дээ. Уул нь говийн бүсийн нутагт ч балт, тост ургамалууд ургадаг. Тэнд ч зөгийг үржүүлэх боломжтой.

Гэвч хамгийн тохиромжтой бүс бол Хангай, Хэнтийн нуруу, тал хээр, ойт хээрийн бус нутаг юм.
Засаг захиргааны нэгжээр нь аваад үзэхээр Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий аймгуудад үржүүлгийн төвүүд байна. Харин Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймгийн иргэд саяхнаас сонирхож, зөгийг үржүүлж эхлээд байна.


-Зөгийг өсгөж үржүүлэхэд хамгийн гол нь юуг анхаарах ёстой юм бол?
-Зөгийчин гэдэг бол өөрөө мэргэжил. Зөгий бол амьд амьтан. Тэгэхээр амьд амьтантай харьцахын тулд бид тухайн амьтныхаа зан аашийг нь мэдсэн байх шаардлагатай байдаг. Үүний адилаар зөгий гэж ямар амьтан болох талаар сайн судалж мэдэх хэрэгтэй. Түүний амьдрал бүлээрээ хэрхэн зохицож амьдардаг ажил үүргээ яаж хуваарилж авдаг зэрэг өчүүхэн зүйлийг ч орхилгүй мэддэг байх ёстой. Дээрээс нь зөгийн аж ахуйг эрхлэх гэсэн чин хүсэл сонирхолтой байж гэмээнэ энэ аж ахуйг авч явна шүү дээ. Мөн багаж, техник хэрэгслээ эзэмшиж сурах ёстой.

-Мал аж ахуй, тариалангийн салбарт төр ихээхэн анхаарч байгаа. Харин энэ салбарт төрийн анхаарал халамж ямар хэмжээнд байна вэ?
-Зөгийн аж ахуй бол мал аж ахуйтай адил салбар. Иймээс энэ салбарт төрийн анхаарлыг хандуулах нь нэн чухал асуудал болоод байна. Урьд нь энэ салбар манай улсад эрчимтэй хөгжиж байх Социализмын үед төрийн анхаарал сайн байсан. Гэвчээ нийгмийн өөрчлөлтөөс устсан.

Гэсэн ч хэдэн жилийн өмнөөс Дэлхийн зөн болоод Даян дэлхийн байгаль орчны сангийн тусламжтайгаар эргээд сэргэж байна. Иймээс төрөөс дэмжиж анхаарах цаг болсон. Зөгийчдийн чуулганыг бид зохион байгуулахдаа Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн байгаль орчны газарт хамтран ажиллах санал тавьсан их нааштайгаар хүлээн авч, зөгийчдийн чуулганаа ийнхүү зохион байгуулахаар болсон юм.

-Зөгийний ашиг тусын талаар?
-Зөгий ашиг тус дэлхийн экологийн тэнцвэрийг хадгалах, ургамалын ургалтад маш их үрэг гүйцэтгэдэг чухал амьд биетан. Зөгийн балнаас хүний хэрэгцээнд шаардлагатай 10-12 төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Зөгийн балыг эм, хор, гоо сайхан, лав гээд олон төрлийн бүтээгдэхүүнд ашигладаг.

Тэр ч байтугай гадны орнуудад тариалангийн салбарт зөгийг ашиглаж байна. Талбайнхаа хажууд зөгийн бүлийг байрлуулна. Зөгий чинь өөрөө цэцгийн бал цуглуулахаас гадна цэцэгт ургамалуудад тоос хүртээж, үрийг цацдаг. Ингэснээр хүрээлэн буй орчны тэнцвэр, ногоон байгууламжид чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг нь тариаланчид ашиглаж, ногоо будаагаа тариалахад ашиглаж байна. Манайх ч гэсэн энэ аргыг туршиж үзэх хэрэгтэй санагддаг юм.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *