Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Ярилцлага
"100 мянга гаруй зэвэг загасны жарамгай үржүүлсэн"
Монголын “Флай фишинг”- ийн холбоо, БОНХЯ-тай хамтран энэ сарын 21-нд олон нийтийн дунд “Хайрлая, хамгаалъя, өсгөе” уриан дор сонирхогчдын Флай кастингийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд 19 хүн оролцож тэргүүн байранд 43 оноогоор Д.Тэмүүжин, дэд байранд П.Цогтсайхан 39,6, удаах байранд Л.Эрхүүбат 39,2 оноогоор тус бүр тэргүүлжээ. Тэмцээний дараа Флай фишингийн холбооны гүйцэтгэх захирал Э.Ганпүрэвтэй уулзаж ярилцлаа.

-Тэмцээнд цөөн хүн оролцож байгаагийн учир юунд байна вэ?
-Манай Флай фишингийн холбоо байгуулагдаад дөнгөж нэг жил болж байна. Энэ тэмцээн нь Монголд анх удаа болж байгаа тул төдийлөн хүрээгээ тэлж амжаагүй.

Сүүлийн жилүүдэд флай фишинг буюу хиймэл өгөөшөөр загасчлагчид нэмэгдэж байгаатай холбогдуулан тус спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэр үүлэх, сурталчлах, тамирчдыг хооронд нь туршлага солилцуулах зорилгоор энэ тэмцээнийг зохион байгууллаа.

-Ач холбогдол нь юу вэ?
-Монгол оронд Флай фишингийн спортыг төгс утгаар нь хөгжүүлэх, байгаль орчин, ан амьтнаа хамгаалах үйлсэд тодорхой хувь нэмэр оруулан байгаль орчиндоо ээлтэй, эерэг сэтгэлгээтэй хүмүүсийг бий болгох юм.

-Загасчлах эрдэмд суралцахын тулд хүн яах ёстой вэ?
-Өгөөшөө бэлдэж сурах хэрэгтэй. Үүний тулд шавьж судлана, мөн хүнд их тэвчээр ур дүй хэрэгтэй. Ер нь л байгаль дэлхийтэйгээ илүү ойртож, амьтныг хайрлан хамгаалах ухаанд суралцана.

-Танай холбооны ойрын төлөвлөгөө юу байна вэ?
-Дархан-Уул, Эрдэнэт аймагт салбар нэгж байгуулна. Монгол орны загасны төрөл зүйлээр ном гаргана. Мөн загасчлах тухай хууль дүрэмд өөрчлөлт оруулах санал тавьж байгаа. Таван сарын эхний долоо хоногт сонирхогчидтойгоо хамтран Туул голыг цэвэрлэх төлөвлөгөөтөй байна. Мөн энэ сард хөдөө орон нутагт тэмцээн зохион байгуулна.

-Хуулинд ямар өөрчлөлт хийх саналтай гэж?
-Загасчлах зөвшөөрлийг орон нутгийн байцаагч өгдөг нь загасчлахад хүндрэл учруулан, хууль бусаар ан хийх сэдлийг бий болгодог юм. Иймээс зөвшөөрөл авах үйлдлийг арай амар хялбар болгох талаар санал гаргаж байгаа. Мөн монгол орны загасны нөөцийг тогтоох хэрэгтэй байна.

-Загасчлаж болохгүй цаг үе байдаг байх?
-Дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-н хүртэл хориотой байдаг юм. Загас барих гэдэг нэг өөр загас агнах гэдэг өөр юм. Бид загасыг гэмтээхгүй бариад буцааж усанд нь тавидаг.

-Хууль бусаар загас агнах үзэгдэл их гарч байна уу?
-Зүй зохисгүй загасчилдаг мэдээлэл их байна. Том тороор бөөндөн нэг дор 60- 70 тн загас агнаад баригдсан тохиолдлууд байна. Хуулиндаа нэг хүн 10-аад тооны загас агнах ёстой юм. Тиймээс хүмүүсийн ухамсарт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Манай холбоо энэ талаар идэвхитэй ажиллах болно. Энд орон нутагт суугаа ард иргэд гол үүрэг гүйцэтгэнэ.

-Монгол оронд нэн ховорсон ямар загас байна вэ?
-Манай оронд Хилэм ,Зэвэг, Тул гэх зэрэг загас ховордоод байна. Манай орны Тул загас бусад орныхоос онцлог чанар нь анхны хэлбэрээрээ байгаад оршдог.

-Танай холбоо загас үрж үүлэх талаар үйл ажиллагаа явуулж байна уу?
-Манай орны хувьд аливаа загасны нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх, удмын санг хадгалах, нутагшуулах ажилд үр дүнгээ өгөх найдвартай арга бол загасыг зориудын аргаар үржүүлэх явдал юм.

Манай Флай фишингийн холбооны гишүүд Шинжлэх Ухааны Академийн Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, Байгаль хамгаалах “Монголын Тул” сангийн мэргэжилтэнгүүдтэй хамтран хулдын овгийн загас үржүүлэх туршилт судалгааны ажилд болон зэвэг загас зориудын аргаар үржүүлэх туршилт судалгааг бага оврын цехийг түшиглэн өнгөрсөн оны тавдугаар сард хийж гүйцэтгэсэн. Судалгааны үржүүлгийн явцад олон голын бэлчир дэхь загас үржүүлгийн цехд 100 мянган зэвэгний жарамгай, Туул голын цехд 2500 жарамгай тус тус үржүүлэн голд тавьсан.

-Флай кастингийн олон улсын тэмцээнд манайхаас хүн оролцож байсан уу?
-Энэ нь манайд эхлэл төдий байгаа болохоор гадны тэмцээнд хүн оролцоогүй байгаа. Бид дэлхийн аваргад хүн бэлдэх зорилт тавин ажиллаж байна. Сая манай тэмцээнд Флай кастингийн дэлхийн 10 удаагийн аварга Франц улсын шигшээ багийн ахлагч тамирчин ноён Пиам хүрэлцэн ирж бидэнд зөвлөгөө өгсөн юм.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *