Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Буудай багассан ч гурилаар гачигдахгүй

Зуны аагим агаад хуурай халуун дотоодын буудайн тэн хагасыг залгисан ч ирэх жил монголчууд гурилаар гачигдаж, талхны үнэ тэнгэрт хадахгүй гэж салбарын яам мэдэгдлээ.  Зөвхөн албаныхан төдийгүй гурил, буудайтай холбогдсон салбар бүрийн төлөөлөл ийн амлаж байна.

 

Ургацын урьдчилсан дүн­гээр энэ онд Монгол Улс улаанбуудайн хэрэгцээнийхээ тэн хагас буюу 54 хувийг дотоо­доосоо хангана. Үлдсэнийг нь ОХУ-аас импортлохоор  болжээ. Тойм тооцоогоор 170-200 мянган тонн улаанбуудайг хойд хөршөөс худалдан авах бол дотоодоос 259 мянган тонныг хураах урьдчилсан дүн гарсан байна. Үүний 165 мянган тонныг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлнэ. Үлдсэнийг нь малын тэжээл, спиртийн үйлдвэрлэлд нийлүүлж, мөн ирэх хаврын үрийн нөөцөнд хадгалах аж.  

Монгол Улс жилд дунджаар 320 мянган тонн буудайгаар гурил үйлдвэрлэж, иргэдээ хангадаг. Иймд стратегийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангахад 160 орчим мянган тонн импортын буудай хэрэгтэй.  Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн энэ долоо хоногийн эхээр ОХУ-д айлчилж, хойд хөршөөс буудай худалдан авахаар болжээ.

Энэ онд ОХУ-ын хурааж авах ургацын хэмжээ сүүлийн 40 жилийн дээд цэгт хүрэхээр байгааг дуулгая. Тиймээс хилийн чанадыг чиглэсэн үр тарианы экспортоо нэмэгдүүлнэ гэдгийг тус улсын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев мэдэгдсэн юм. Хойд хөршид улаанбуудайн ургац арвин байгаагаас хадгалах агуу­лах, савны хүчин чадал хөн­дөг­дөж байгааг тус улсын хэв­лэлүүд мэдээлж байна. Үүнээс үүдэн өнгөр­сөн долоо хоногоос эхлэн орос улаанбуудайн дотоод болон гадаад зах зээл дэх үнэ буурч эхэлсэн гэх таатай мэдээ байна.  

Манай улс импор­тоос урь­таад дотоодын буудайгаа тариа­­ланчдаас худал­даж авахыг сал­барын яам гурилын үйлд­вэрүүдэд сануул­­сан.  Улмаар дотоо­­доос худалдан авсан хэм­­жээ­нээс хамаарч гурилын үйлд­­вэрүүдэд импортын квот олгохоор болжээ.

Одоогоор дотоодын улаан­буудайн тонн тутмын үнэ то­дор­­­­хойгүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас өр авла­гад тооцож авах улаан­буу­дайн үнийг өнгөрсөн оны­­­­хоос бууруулалгүй 600 мянган төг­рөгөөр тооцох болс­ныг албаны­хан мэдээллээ. Мөн улаан­буу­дайд олгодог урам­шуул­лыг чанараас нь хамаарч, 50-55 мянган төгрөгт хадгалахаар болжээ.

Энэ онд улаанбуудайгаас гадна төмс, хүнсний ногооны багагүй хэсгийг алдсан. Урьдчилсан тоо­цоогоор эх орны хөрсөнд ургасан бүтээгдэхүүнээр дотоо­дын төмсний хэрэгцээний 74, хүнсний ногооны 44.6 хувийг хангахаар байна. Үүнээс гадна энэ онд ирэх жилүүдийн жишгээр төмс, хүнсний ногоог ченжээр дамжуулалгүй иргэдийн гарт хүргэхээр зорьж байгаа ажээ.

Энэ зун Монголын 60 гаруй жилийн түүхэнд үзэгдээгүй халуун, хуурай болж, нут­­гийн ихэнх хэсгээр ган тохио­сон. Өнгөрсөн онд бараг хагас сая тонн улаанбуудай ууталж байсан Монгол Улс байгалийн гамшгаас үүдэн энэ онд төлөвлөсөн хэмжээнийхээ талтай дүйх ургац хураан авах нь тодорхой болсон юм. Гэвч байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг тоочоод суух бус үлдсэн ургацаа алдалгүй, амжиж хураан авах шаардлага тулгараад байна. Дээрээс нь зуны эхэн болон дунд сар ган­тай, наймдугаар сард аадар бороо орсны улмаас таримлын болц жигд бус, тариа хэнзлэх магадлал өндөр байгаа. Үүнээс үүдэн ургац хураалт удааширч, сунжирч болзошгүй. Тиймээс ургацаа хаягдалгүй хураах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.  

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэ­дээлс­­нээр есдүгээр сард дийлэнх нутгаар олон жилийн дунд­жаас 0.5-1 хэмээр дулаан байх төлөвтэй. Гэхдээ хур тунадас үргэлжлэн орно. Иймд ургац хураа­хад таатай хоногуудыг алдалгүй ашиглаж, ажлаа эрчим­­жүүлэх нь чухал байна. Олон жилийн дунджаас үзвэл, есдүгээр сарын сүүлээс эхлэн зарим нутгаар цас эрт орж эхэл­дэг тул ургац алдах эрсдэл байсаар байна.

Иймд төр, хувийн хэвшил нягт, шуурхай хамтран ажиллах хэрэгтэй гэж салбарын сайд мэдэгдлээ. Ургац хураалтад зориулж 1180 гаруй комбайн, 520 орчим жатка, 224 үтрэмийг бэлэн байлгахаар зорьж байгаа. Одоогоор техникийн хангалт 82 хувьтай байна. Мөн оюутан болон цэргийн алба хаагчдыг татан оролцуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна улаанбуудайн дотоодын болон импортын тээвэрлэлтийг саадгүй шийдэх нь чухал байгаа аж.

                                                                                                                                          Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *