Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Ярилцлага
Үхрийн гүзээний хуултсыг ашиглан гүзээн савхин материал гаргах технологийг таницууллаа.

Доктор, профессор, Монгол улсын зөвлөх эдийн засагч, Технологийн менежментийн салбарын профессор, “Мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Төгстэй бүтээлийнх нь талаарх ярилцлагыг хүргэж байна.

Ийм төрлийн бүтээгдэхүүнийг дэлхий дахин хэрхэн хүлээн авдаг вэ?
Дэлхийд Монгол бренд гаргах талаар бид маш их ярьж байна. Нано технологи, электрон технологиор бид Япон, Америкийг гүйцэх боломж одоогоор алга байна. Хөрөнгө мөнгө, хөгжлийн түвшин,  лабораторийн нөхцөл, үйлдвэрлэлийн орчин гээд ядуу орны зовлон их. Гүйцэж чадахгүй байж тоосонд нь дарагдаад явах нь зөв үү? Монголчууд бид бардам, сайхан ард түмэн. Урдаас нь тосоод, нэг ч гэсэн бүтээгдэхүүн гаргаад ирэх боломж бидэнд байна, тэр нь уламжлалт технологи юм гэдгийг л харуулахыг зорьсон. Бид 2003-2005 онд малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулж, шинэ материал гаргаж авахаар төсөл хэрэгжүүлж байсан. Би төслийн удирдагчаар нь ажиллаж байсан юм. Энэ хүрээнд нохойнд хаяж өгдөг хаягдлыг ашигласан. Тодруулбал, үхрийн гүзээний хуултсыг хуулаад, үйлдвэрийн аргаар технологийг нь боловсруулаад, гүзээн савхи гэдэг материал гаргаж байлаа. Энэ мэтээр гүзээ, сархинаг, давсаг, шөрмөс гээд малын амьсгалаас бусдыг нь  ашиглах боломжтой. Бид энэ бүхнийг л олж харж чадвал улс орнуудын аж үйлдвэрийн стратегид яригддаг “Амжиж хөгжих стратеги”, “Хөөж гүйцэх стратеги”-ийн онолуудаас “Амжиж хөгжих стратеги”-ээр хөгжих боломж байна шүү гэдгийг харуулахыг зорьсон. Үүний нэг жишээ нь үхрийн шөрмөсөөр хийсэн мэс заслын утас юм.
 
-Эрдэмтэд уламжлалт технологио хөгжүүлж нээлтүүд хийсээр байна. Үйлдвэрлэл болгох тал дээр дэмжих, туслах нь хэр байна вэ?
 
-Төр засгаас холбогдсон зүйл алга. Харин энэ ажлыг ойлгож хамтран ажиллах санал тавьсан хүмүүс бий. Мэдээж аливаа зүйлийг хийхэд хөрөнгө мөнгө шаардагдах нь тодорхой. Бид бол энгийн нэг судлаач, багш хүмүүс. Бусдын адил цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Тэгээд л нэг туршилт хийхээр болоод 80 сая төгрөг хэрэг болвол бидэнд тэр нь байхгүй шүү дээ. Иймэрхүү зүйлс дээр хамтарч ажиллах санал хүмүүс тавьж эхэлж байна. Нэвтрүүлэх тал дээр Аж үйлдвэрийн яамнаас эхлээд хамтран ажиллавал болох болов уу гэж бодож байгаа. Үүнийг БСШУЯ-наас ч юм уу, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, эрдэмтдийн бүтээл гэдгээр нь дэмжиж, инновацийн төсөл гэх мэтээр оруулах ёстой байсан болов уу гэж би боддог. Би инновацийн төсөлд хоёр жил дараалан ороод авч чадаагүй. Учир нь мэс заслын утасны үйлдвэрлэл гэдгийг ойлгохгүй байна. Шинжлэх ухаан технологийн газрын дарга н.Даваасамбуу, Шинжлэх ухаан технологийн сангийн дарга Х.Дондог нар цоо шинэ утасны үйлдвэрлэлийн талаар яриад байхад анагаахын талын юм гээд ойлгохгүй, хүлээж авахгүй, инновацийн төсөлд оруулахгүй өдийг хүрсэн. Яг үнэнийг хэлэхэд би үүнд гомдолтой байдаг. Юмыг ойлгож хүлээж авах хэмжээний хүмүүс албан тушаал дээр байх ёстой гэж бодож байна. Гэхдээ мэдээж бидний хийж буйг дэмжиж, хамтарч ажиллах гэсэн хүмүүс ч байгаа нь сайхан.  Энэ тал дээр цаашид анхаараасай гэж хүсч байна.

Эх сурвалж: www.medee.mn

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *